ARC CUP 2023 гагнуурын мэргэжлийн олон улсын тэмцээнд монгол гагнуурчид амжилттай оролцлоо





ARC CUP 2023  гагнуурын мэргэжлийн олон улсын  тэмцээнд монгол гагнуурчид амжилттай оролцлоо

 

ARC CUP 2023  гагнуурын олон улсын мэргэжлийн тэмцээн БНХАУ-ын  Өвөр Монголын Хөх хотод 2023 оны 11-р сарын 19-24-ны өдрүүдэд  амжилттай болж өнгөрлөө. Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг нь мэргэжлийн гагнуурчдын 2022 оны улсын аваргын тэмцээн болон Монгол ур чадвар тэмцээний шилдгүүдээс бүрдсэн үндэсний баг зохион байгуулж уг тэмцээнд оролцлоо .ARC CUP 2023  гагнуурын олон улсын мэргэжлийн тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Болгар, Энэтхэг, Беларусь, Зааны ясан эрэг зэрэг 7 улсын 57 багийн 343  гагнуурчид өрсөлдөв. Монгол улсын гагнуурын багийн 16 оролцогч цахилгаан, аргон,хий,хагас автомат,бэлэн бүтээгдэхүүн хийцийн угсралттай гагнуур зэрэг 5 төрөлд ур чадвараа сорилоо. Тэмцээний дүрмийн дагуу  БНХАУ-ын  50 баг хоорондоо өрсөлдөж гадаадын  6 орны 7 багийн гагнуурчдыг тусад нь дүгнэж байр эзлүүлэв.Тэмцээнд ОХУ-аас Оросын гагнуурын нийгэмлэг, НАКС гэсэн 2 баг  оролцсон. Олон улсын багуудын ангилалд Монгол улсын баг тэргүүн байр, ОХУ-ын НАКС баг удаахь байр,Оросын гагнуурын нийгэмлэг баг гуравдугаар байрт тус тус шалгарч цом, батламж хүртлээ.

Монголын гагнуурчдаас  25 хүртэлх насны ангилалд Оюутолгой компанийн  Ж.Жанлав-Ойдов хагас автомат болон хийц бэлэн бүтээгдэхүүн гэсэн 2 төрөлд алт, MCS Property компанийн Т.Оюун-Эрдэнэ аргон гагнуурын  төрөлд алт, Герман - Монголын МСҮТөвийн М.Сүхбат   цахилгаан гагнуурын төрөлд алт,

35 хүртэлх насны ангилалд Хасу Мегаватт компанийн  С.Баасанхүү  аргон гагнуурын  төрлөөр алт, MCS Property компанийн Х.Бямбажав цахилгаан гагнуурын  төрлөөр мөнгө,  ДЦС-4 ТӨХК-ийн  Э.Батсүх  цахилгаан гагнуурын  төрлөөр хүрэл, Оюутолгой компанийн  Б.Занданбат хагас автомат гагнуурын төрлөөр хүрэл медаль тус тус хүртлээ.

Манай баг 5 алт,1 мөнгө,2 хүрэл нийт 8 медаль хүртсэн амжилтаар  тэргүүн байр эзэлж шилдэг багийн цом, батламж гардлаа.

ММСГНийгэмлэг тэмцээний үеэр зохион байгуулагдсан зөвлөгөөн,зохион байгуулалтын арга хэмжээнүүдэд оролцов.

Гагнуурын ур чадвараа олон улсад таниулж чадсан багийн нийт гагнуурчиддаа БАЯР ХҮРГЭЕ.

Тэмцээнд шилдэг гагнуурчдаа илгээж бидэнтэй хамтран ажилласан ДЦС-4, Хасу Мегаватт, ОТ, MCS Property, MCS International, GCR, ГММСҮТ-ийн хамт олон, удирдлагад талархал илэрхийлье.

 

           

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг


Харилцагч байгууллагууд