МОНГОЛ УЛСАД ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛЭЭР АНХ УДАА ИНЖЕНЕР БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Гагнуурын мэргэжлийн инженерүүдийг социализмын үед голчлон хуучин ЗХУ болон бусад социалист системийн орнуудад бэлтгэж байсан түүхтэй.
Тэр үед гагнуурын мэргэжлээр төгссөн инженерүүд Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжилд зохих хувь нэмрээ оруулаад эдүгээ гавьяаныхаа амралтанд сууцгаасан билээ.
Гагнуурын инженер бэлтгэдэг залгамж байхгүй болсноос технологи алдагдах, бүтээгдэхүүний чанар, хийц муудах улмаар аюулгүй ажиллагаа ч алдагдахад хүрч байгаа нь үнэн.
Одоогоос 2 жилийн өмнө ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн доктор, дэд профессор О.Галаа гагнуурын инженер дотооддоо бэлтгэх санаачлага гаргасныг ММСГН дэмжиж ажилласан.
Шинэ мэргэжлээр анги танхим нээх нь нүсэр ажилтай ихээхэн тэвчээр шаардсан ажил байдаг юм байна. Энэ бэрхшээлийг О.Галаа амжилттай даван туулсан.
2025 оны 6-р сарын 5-нд ШУТИС-ийн МТСургууль дээр гагнуурын технологи мэргэжлээр анх удаа 11 хүн бакалаврын зэргээр диплом хамгаалалтаа амжилттай хийлээ. Эдгээрээс 5 нь онцлох дипломтой төгсч байна. Дипломын сэдвүүд нь станцын өндөр даралт, температурт ажилладаг тоног төхөөрөмж, газрын гүний уурхайн тоноглол, усан доогуур татах шугам хоолой зэргийн элэгдэл гэмтлийг сэргээн засварлах, шинээр хийхэд гагнуурын технологи боловсруулах шийдлүүд байлаа.
Эдгээр суралцагч нь ДЦС-3,4 ТӨХК, ЭУБҮ, Хасу-Даян ХХК зэрэг манай орны эрчим хүч, уул, уурхайн салбарын компанид ажилладаг инженерүүд бөгөөд гагнуурын инженерийн мэргэжлийг оройгоор суралцаж давхар эзэмшив. Энэ намар 4 хүн энэ мэргэжлээр диплом хамгаална.
Диплом хамгаалалтын комиссын дарга, ММСГН-ийн гүйцэтгэх захирал, МУ-ын зөвлөх инженер Н.Мягмарсүрэн анхны төгсөгчид болон эрдэмтэн багш нарт баяр хүргэж амжилт хүслээ.