Ур чадварын улсын аврага шалгаруулах тэмцээн монголын нийт гагнуурчдын дунд...

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг /ММСГН/-ээс монголын нийт гагнуурчдын дунд цахилгаан гагнуурын чиглэлээр мэргэжлийн гагнуурчны ур чадварын уралдааныг 2011 оны 4 сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж явууллаа.Уралдаанд эрчим хүч, уул уурхай, барилга, төмөр замын салбарт болон хувийн хэвшилд гагнуурын үйлдвэрлэл эрхэлж байгаа ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, Дарханы ДЦС ТӨХК, Эрдэнэтийн УБҮ ЗМЗ, УБТЗ, Зүүн хараа СББ ХХК, Хасу мегаватт ХХК, Эрдэнэтийн ДЦС ТӨХК, МЭЗ ХХК, УБ ДШС ТӨХК, Мега стийл фабрикаторс ХХК, Дарханы ДШС ТӨХК, Мөнхийн эрчим ХХК, Оюу толгойн РЭД ПАФ ХХК, ДЦС-2 ТӨХК, Хасу эрчим ХХК, Энерго сервиз монтаж ХХК зэрэг 18 аж ахуйн нэгж, компаний 4-өөс дээш зэрэгтэй мэргэжлийн 42 гагнуурчин оролцож мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорин тэмцэлдэв.

Гагнуурчдын мэргэжлийн ур чадварын уралдааныг мэргэжлийн гагнуурчдын мэргэжлийн ур чадварын түвшинг тодорхойлох, бие биенээсээ харилцан суралцах, туршлага солилцуулах, орчин үеийн олон улсын стандартын шаардлагуудтай танилцуулах зорилгоор зохион байгуулсан юм.

Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа зохион байгуулагдаж, аж ахуйн нэгж, компани, мэргэжлийн гагнуурчид маш идэвхтэй оролцсон болон уралдаанд оролцсон нийт гагнуурчдын 60 гаруй хувь нь Эрчим хүчний удирдах газрын Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын төгсөгчид байсан нь энэ уралдааны гол онцлог байв.

Цахилгаан гагнуурчдын мэргэжлийн ур чадварын улсын энэ уралдаанд ДЦС-3 ТӨХК- ий гагнуурчин Т.Саран төгс 1-р байр, РЭД ПАФ ХХК-ий гагнуурчин Т. Бямбасүрэн 2-р байр, ДЦС-3 ТӨХК- ий гагнуурчин Б.Эрдэнэбаяр 3-р байр, Хасу мегаватт ХХК-ий гагнуурчин Ө. Оюунболд тусгай байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

ММСГН-ээс гагнуурчдын мэргэшүүлж эрх олгох, түүнийг батлагаажуулах шалгалтыг тогтмол зохион байгуулах замаар гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, гагнуурчдын ур чадварыг олон улсын түвшинд ойртуулах талаар ихээхэн анхаарч ажиллах бөгөөд гагнуурчдын мэргэжлийн ур чадварын уралдааныг цаашид тогтмолжуулах арга хэмжээг авч ажиллах болно.